Sunday, October 13, 2013

Жамбалын МЭНД-АМАР

МЭНД-АМАР Жамбалын /1945-2000/ Төв аймгийн Лүн сум. УАДБЧ-ын гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1990-01-08.№01/ Гэрийн сургалтаар хөгжмийн боловсрол олж өөрийн хичээл оролдлогоор нэрд гарсан хөгжимчин, хөгжмийн зохиолч болсон байна. 1960 оноос УАДБЧ-д хөгжимчнөөр ажиллажээ. Ёочин хөгжмийг тоглохдоо баруун, зүүн гарын цохилтыг чөлөөтэй салгаж, нэг гар нь чимэг өнгийг, нөгөө нь үндсэн аялгууг дарж, нэг гараараа угсраа олон цохилт хийж, ёочингийн хөгийг тогтоох, хөг солих аргыг шинэчилсэн нь амжилтад хүргэсэн байна. Түүний тоглосон Ш.Гуногийн “Парисын дөл” балетын Баскуудын бүжиг, Бизегийн “Кармен” дуурийн оршил, “Ардын дууны найруулга”, “Адуучин залуус”, “Хаврын шувуу”, “Аяны замд”, “Испани аялгуу”, “Сарны туяа” зэрэг ёочин хөгжмийн олон номер дотоод, гадаадын үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшиж үлджээ. “Хөдөлмөрийн жавхаа”, “Ёочингийн гоцлол”, “Эхийн сэтгэл”, “Цомбон туурайт хүрэн”, “Хуурын эгшиг”, “Ханхөхийн уянга”, “Цагаан дарь эх”, бөх, сурын магтаал үндэсний хөгжимд зориулсан “Гурван ангит чуулбар” зэрэг 250 гаруй зохиол бичиж хөгжмийн урын санг баяжуулсан байна. Энэ бүгд хөгжмийн том хэлбэрийн бүтээл хийх бэлтгэл болсноор “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн хөгжмийг ардын болон зохиолын дуу, хөгжмийн намба аяс, аяар амжилттай туурвисан байна. ДЗО-ны VIII, IX их наадамд оролцож ёочин хөгжмийн гоцлолоороо алт, мөнгөн медаль, 1978 онд болсон үндэсний хөгжимчдийн улсын уралдаанд II байр эзэлж, хоёрдугаар зэргийн дипломоор шагнагдсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, “БНСВУ-ын “Найрамдал” медалиар шагнагджээ.

No comments:

Post a Comment