Sunday, June 24, 2012

Монгол урлагийг Монголд минь ирж үзээсэй

Урлаг,  соёлынхон очсон газар бүртээ монгол дуу, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж,  монгол ахуй,  ёс заншлыг нутагт нь очиж үзэх их хүсэл,  эрмэлзлэлийг төрүүлдэг билээ. Арлын оронд тоглолт хийгээд ирсэн залуу уран бүтээлч, хуучирч З.Соёлмаатай уулзлаа.
-Дэлхийд нэртэй "Мikimoto" компанийн урилгаар Японд тоглоод ирсэн гэж сонслоо?
-Японд сар орчим тоглолт хийгээд он гөрсөн сарын 15-нд ирсэн. 2004 онд Японд 12 дуутай цомгоо хэвлүулсэн юм.' Фүкока, Амури хотодэнэ цомог зарагддаг. Тэндхийн иргэдэд хуучир хөгжмийн ая, монгол дуу таалагдаад намайг урихаар болсон юм билээ. Дэлхийн миссийн титмийг урладаг "Мikimoto" компани урилга явуулсан. Сувдаараа алдартай, олон улсад нэртэй, Японы бүх хотод салбартай том компани.

-Тоглолтдоо голдуу Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс оруулав уу?
-Н.Жанцанноров, Б.Дамдинсүрэн нар болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлээс тоглосон.
-Үзэгчид хэрхэн хүлээж авав?
-Японд нэлээн нэртэй Хятадын хэд хэдэн хуучирчид тэнд амьдардаг. Тэдний тоглолтыг үзсэн хүмүүс миний хөгжимдөхийг сонссоны дараа "Яг адилхан хөгжмийн зэмсгээр тоглож байгаа хэрнээ яагаад ийм сэтгэлд дотно тусна вэ. Монголын үзэсгэлэнт байгаль нүдэнд харагдах шиг боллоо" гэцгээж байсан. Монгол ардын урлагийн гайхамшиг л тэднийг ийн бодоход хүргэсэн биз ээ.
-Өмнө нь Японд тоглож байсан уу?
-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын "Этүгэн" хамтлагийнхан ”Notebook XXI" төрийн бус
байгууллагын урилгаар гурван жил дараалан Японд тоглосон. Ардынхаа урлагийг Японы ард түмэнд сайн сурталчилсан гэж боддог. NНК телевизийнхэн манай хамтлагаас
ярилцлага авсан.Биднийг хэрхэн амьдарч байгаа, борцоор хоол яаж хийхийг хүртэл тэд сонирхож байсан. Нэг удаа хөгжмийн радио нь биднийг ярилцлагад урьсан юм. Бид үндэсний хувцсаа өмсөөд очиход их гайхсан. Телевиз биш радиод заавал тоглолтын хувцсаар яах нь вэ гэж байсан л даа. Хамгийн гол нь үндэсний хувцсаа өмсөөд тоглох, энгийн хувцастай тоглоход асар их ялгаа мэдрэгдээд байдаг юм.
-Хуучир хөгжмийг яагаад сонгох болсон юм бэ?
-Аав Ховд аймгийн Хөгжимт драмын театрт ажилладаг. байсан. Ёочин хөгжим их сайхан тоглоно. Гэрт хуучир, ёочин, ятга гээд ардын хөгжим бараг бүгд байна. Багадаа хөгжмийн зэмсгээр тоглож, бага зэргийн ая оруулдаг байсан. Завхан аймгийн Хөгжим, бүжгийн коллежид 1989 онд элссэн юм. Хотоос хөгжмийн багш нар ирж хүүхдүүдийг шалган тэнцсэн сурагчдыг Хөгжим, бүжгийн коллежид үргэлжлүүлэн сургадаг байсан юм. СУИС-ийн багш, ҮДБЭЧ-ын хөгжимчин Ж.Цэнгэлмаа багш маань тэр үед биднийг шалгаж авсан. Хөгжим, бүжгийн коллежийг 1997 онд төгсөөд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад орсон. Тэнд байх хугацаандаа СУИС-д сурч 2006 онд төгссөн. Хуучир хөгжмийг анх сургаж, хүмүүжүүлсэн Ж.Цэнгэлмаа багш, Хөгжим бүжгийн коллежийн багш Б.Мөнгөнцэцэг нараараа бахархаж, хүндэлж явдаг. Сурах зүйл хэзээ ч дуусахгүй шүү дээ. Багш нартайгаа байнга холбоотой байдаг.
-Гарын хөгжим олонтой юу?
-Одоогоор дөрвөн төрлийн хуучиртай.
-Японы нэртэй нэгэн хийлч дуучин Селион Дионтой хамтарч тоглодог гэсэн?
-Японд маш их алдартай, хөгжмөө өөрөө зохионо. Хийлч Хакасэ Таро Селион Дионтой хамтарч уран бүтээл хийдэг юм билээ. Акасэ Тарогийн хийл хөгжимд зориулсан "Жонецу тайрүки" ая байдаг юм. Яагаад хуучир хөгжмөөр тоглож болохгүй гэж бодоод тэр гайхамшигт аяыг хуучраар Японд тоглосон. Үзэгчид халуунаар хүлээж авсан. Энэхүү аяндаа клип хийлгэсэн
-Хөгжмөөс өөр зүйл сонирхдог уу?
-Очсон улс болгоныхоо урлагийн гайхамшигт тоглолтыг үзэх дуртай. Тухайн хамтлаг, дуучдын DVD-г олж цуглуулдаг. Саяхан Японы "Такара Зүка" хамтлагийн DVD-г 105 доллараар худалдан авч цуглуулгаа нэгээр баяжуулсан. Манай урлагийнхны хийсэн, бүтээснийг үнэлэх хэмжүүр дутмаг юм шиг санагддаг. Тэдний оюуны бүтээл дэлхийн хэмжээнд үнэлэгдэх ёстой гэж боддог.
- Бие даасан тоглолтоо хийж байв уу?
-2005 онд анхны тоглолтоо хийсэн. Хоёр дахь тоглолт Завхан аймгийн Хөгжим, бүжгийн коллежийн 20 жилийн ойн өмнөхөн тус театрын тайзнаа болсон.
-Дахин тоглолт хийх үү?
-Хоёр дахь цомгийн бэлтгэл ажил явагдаж байна. Дараа нь бие даасан тоглолтоо хийнэ. Мөн гадаадад болох тоглолтын гэрээ хийгдэж байгаа.
-Урлагийн хүний хувьд санаа зовж, бас бахархаж явдаг зүйл байдаг байх?
-Үндэсний урлаг, ёс заншлаараа бид гадныханд танигддаг. Бусад улс оронд зөвхөн ганц ардын урлаг ч гэхгүй оюун, ухаан, авьяас билгээрээ гайхуулж, хүндлүүлж яваа залуустаа бахархдаг. Цувж явсан барнаас, цуглаж явсан шаазгай хүчтэй гэдэг. Бид ч гэсэн ганц нэгээрээ биш бүгд хүчээ нэгтгээд өөрсдийнхөө гайхамшигт урлагийг гадагшаа биш гадныхан харин манайд ирж үздэг, үзэхийг хүсдэг тийм цогцолбортой болохсон гэж хүсдэг.

No comments:

Post a Comment